1960 оны 12-р сарын 09-нд Манчестер хотын Гранада /Granada/ ТВ-ийн ITV сувгаар “Coronation street” буюу ихэнхи хүмүүс Корри /Corrie/ хэмээн дуудах болсон олон ангит киноны 01-р анги анхлан цацагдаж байжээ.
Энэхүү цуврал нь зохиомлоор бий болгосон Салфорд /Salford/ хотын дотор орших Уэтерфилд /Weatherfield/ дүүргийн чулуун замтай Коронацийн гудамжны оршин суугчдын эргэн тойронд болж байгаа үйл явдлаас бүрдэнэ. Байдаг л нэг энгийн савангийн дууриудын нэг.
Тэгэхдээ энэхүү цуврал 2010 оны 09-р сарын 17-нд дэлхийн хамгийн урт удаан үргэлжилж байгаа телевизийн олон ангит кино хэмээгдэн дэлхийн гиннесийн амжилтын номонд бичигджээ.
Гайхалтай нь энэ цуврал одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд 2020 оны 02-р сарын 07-нд 10,000 дахь анги нь үзэгчдэд баяр жавхлантайгаар хүрч байсан бол 2020 оны 12-р сарын 04-ний байдлаар 10,186-р анги нь нийтэд хүрээд байгаа юм байна.
Өнөөдөр тус цувралыг Ай ТВ Гранада компани MediaCityUK дээр байрлуулсан бөгөөд ITV-ийн бүх бүс нутаг дахь сувгуудаар цацагдахаас гадна 40 гаруй улсад үзүүлдэг болжээ.
Анх долоо хоногт хоёр удаа гарч байсан цуврал удалгүй долоо хоногт зургаан удаа /Даваа, Лхагва, Баасан гарагуудын 19.30-20.00, 20.30-21.00/ гардаг болсон байна.
Цувралын эхний санаа, зохиолыг зохиолч Тонни Уоррен /Tonny Waren/ бичсэн бөгөөд продакшнаа Манчестер хот дахь Гранада ТВ-ийг түшиглэн үүсгэжээ. Уоррен цувралынхаа продюссерээр ажиллах саналыг анх павилоныг хөгжүүлсэн Сидни Бернштейнд /Sidney Bernstein/ тавьсан боловч тэрээр татгалжээ. Харин продюссер Харри Элтон /Harry Elton/ эхний 13 ангийг туршилтаар хийж үзэхийг зөвшөөрөн хамтран ажилласан байна. Гэтэл энэхүү цувхрал өнөөдөр Их Британы соёлын чухал нэгэн хэсэг болтлоо хөгжсөн юм.
Анх гал тогоо тойрсон элдэв үйл явдлаар дүүрэн эхэлсэн Корри цуврал нь хөнгөхөн хошин шог, хүчтэй онцлог бүхий дүрүүдтэй бөгөөд ажилчин ангийн амьдралыг дүрслэн харуулж байсан тул олны таашаалд ихэд нийцжээ.
Өнөөдрийн байдлаар тус цувралын анги тус бүрийг дунджаар зургаан сая хүн үздэг. Мэдээж энэ их үзэгчдээ дагаад маркетингийн томоохон талбар болж чадсан брэнд болжээ. Киноны анги тус бүр нь 23-25 минут үргэлжлэх бөгөөд сурталчилгаанууд нь ороод хоёр анги нь бүтэн цаг болдог байна.
Бүтээл энэ урт удаан хугацаанд хичнээн хүний хөдөлмөрөөр бүтэж байгааг бараг тооцоолох боломжгүй бөгөөд 60 жилийн түүхэнд нь 34 продюссер солигдсон гэхээр бас багцаа гарах байхаа.
1960-1969 онуудад хар цагаан дүрстэй 405 шугамын форматаар гарч байсан бол 1969-2001 он хүртэл 576i форматруу шилжсэн. Харин 2002-2010 онуудад формат нь 1080i-руу шилжив. Ингээд 2010 оноос HDTV форматаар үзэгчиддээ хүрч байна.
Киноны эхэнд Уоррен өөрөө гол дүрдээ тоглож байсан бөгөөд Ena Sharples (Violet Carson), Elsie Tanner (Pat Phoenix) болон Annie Walker (Doris Speed) гэсэн гурван бүсгүй мөн гол дүрүүдийг бүтээж байж. Гайхалтай нь энэ гурван эмэгтэй кинотой цуг 20 жилийг өнгөрүүлсэн бөгөөд Их Британы ТВ-ийн цувралуудын домог, бусад цувралын дүрүүдийн үлгэр жишээ болж байж.
Ena-ийн дүр бол энэ гудамжны хамгийн завгүй, дайчин эмэгтэй бөгөөд өөрийгөө ёс суртахууны жинхэнэ үлгэр жишээ гэж үздэг, харин Elsi-ийн дүр нь жинхэнэ хайраа эрэлхийлэгч бөоловч байнга л эрчүүдэд ямар нэг гомдол тавьж байдаг нэгэн. Гурав дахь эмэгтэй гол дүр болох дэн буудлын эзэгтэй Annie нь ихэмсэг, бардам нэгэн бөгөөд өөрийгөө энэ гудамжны бүгдээс илүү гэж үздэг хатагтай юм. Кино эдгээр гурван бүсгүйг тойрон эргэлдэж байсан бол тун удалгүй 1964 оноос Hilda Ogden (Jean Alexander) гэдэг дүр нэмэгдсэн. Эдгээр дөрвөн эмэгтэй нь тухайн цаг үеийн гэр бүлийн эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрх болтлоо алдаршсан. Харин эсрэг талд нь эмэгтэйчүүдийн сэтгэлзүйн хүчирхийллийн хохирогч болсон эрчүүд оршдог бөгөөд Stan Ogden (Bernard Youens) болон Jack Duckworth (Bill Tarmey) бас Хилдагийн нөхөр Vera Duckworth (Liz Dawn) нар тэдний төлөөлөл бөгөөд шүүмжлэгчдээс янз бүрийн л үнэлгээ авч байжээ.
Coronation Street бол өрсөлдөгч EastEnders ццувралын дараа Emmerdale цувралын өмнө буюу Их Британид хамгийн олон шагнал хүртсэн хоёр дахь олон ангит савангийн дуурь юм.
Coronation street цувралын дүрүүд, соёл, орчин цаг үеэ даган өөрчлөгдөн үргэлжилсээр л байна.
http://www.anjigai.bblog.mn/
0 Comments